Юуны түрүүнд орчин цагийн анагаах ухааны мэдлэгийг эх хэл дээр нь оюутан, резидент, залуу эмч нартаа хүргэх зорилготой Эрдэмед платформд маань пластик мэс заслын булан нээгдэх гэж байгааг дуулгахад тун таатай байна. Ингээд “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” (хэлсэн хүн нь тодорхойгүй) гэдэгчлэн салбарын түүхээ мэдэхгүй пластик мэс засалч байх учиргүй хэмээн ухаж эхний нийтлэлийг Пластик мэс заслын түүхээр эхлүүлж байна.
Пластик мэс засал нь шинжлэх ухааны дэвшлийн түүхийг дагаж, нийгмийн нөлөөлөл болон дайны аюул зовлонгоос үүдэж, хөгжсөн мэс заслын салбар гэхэд болно. Орчин үеийн пластик мэс заслын хөгжлийн урт түүхэнд гол түүхэн хүмүүс хэн хэн байсан болон чухал үйл явдлууд юу байсан тухай энэхүү нийтлэлээс та мэдэж авах болно.
Нийтлэлдээ ном зохиол болон мэс засалчдын нэрсийг интернетээс хайж сонирхоход дөхөмтэйг болон Монгол үсэгт буруу хөрвүүлэх магадлалтайг харгалзан англи үсгээр бичигдсэнээр нь орууллаа.
“Бид нүдийг баясгахын төлөө төдий бус харин зовсон хүний оюун санааг дэмжиж, сэтгэлийг нь өргөхийн тулд байгалиас өгөгдсөн боловч хувь заяагаар алдагдсан эд эрхтнийг сэргээж, дахин бүтээж, бүрэн бүтэн болгодог.” Гаспаре Тальякоцци (1545–1597)
I. Эртний үеийн пластик мэс заслын үүсэл
А. Пластик мэс засал дахь “пластик” гэх нэр томъёо нь “хэлбэржүүлэх” (анг. Moldable) гэж орчуулагддаг Грекийн “пластикос” гэдэг үгнээс гаралтай.
Б. Эртний пластик мэс засал нь шархыг эмнэхээс үүдэлтэй бөгөөд шархны ирмэгүүдийг утсаар оёх эсвэл шавьжны эрүүний хаздаг хэсгээр ойртуулах ажилбар хийж байсан тухай түүхэн баримт байдаг.
В. Эдвин Смит Папирус (~НТӨ 3000-2500 онууд) пластик мэс заслын тохиолдлууд болох ясны хугарал, шарх, мултрал, шархлаа болон хавдрыг (анг. Tumor) эмчлэх тухай тодорхойлолтуудыг тэмдэглэсэн байдаг.
- Эртний шархны эдгэрэлтийн эмчилгээнд тос, зөгийн бал, даавуу болон бамбар (үзүүртээ шингээгч материал бүхий савх) зүйлсийг ашигладаг байжээ.
Г. Орчин үеийн нөхөн сэргээх мэс засалтай төстэй анхны жишээ нь Энэтхэгт хамрын нөхөн сэргээх оролдлого хийж байсантай холбогддог.
- Эртний соёл иргэншлүүдэд завхайрагчид, хулгайчид болон дайнаас олзлогдогчидийг олон нийтийн өмнө шившиглэх, шийтгэх зорилгоор хамрыг нь зэрэмдэглэдэг байжээ.
Д. Алдартай энэтхэгийн мэс засалч Сушрута (~НТӨ 600 он) Аюурведа (Энэтхэгийн анагаах ухааны судар) номонд хамрын нөхөн сэргээлтэд эргүүлэх далбангуудын тухай бичсэн байдаг.
- Түүнийг хамрын нөхөн сэргээлтанд зориулсан духны далбангийн тухай анх бичсэн гэж үздэг боловч энэ нь маргаантай хэвээр байна. Учир нь духны далбангийн тухай албан ёсны анхны нийтлэл 1794 онд гарсан байдаг. (зураг 1).
Е. Грекийн анагаах ухааны нөлөөлөл Гиппократ (~НТӨ 460 он) -ын Corpus Hippocraticum бүтээлд тулгуурладаг бөгөөд ил шархыг түлэх, ясны хугаралд эвийн эмчилгээг, болон гематомыг гадагшлуулах зорилгоор трепанаци хийх тухай бичигдсэн байдаг.
Ж. Ромын пластик мэс заслын нөлөөлөл нь Aulus Cornelius Celsus-ын De Medicina (~ 30 он) алдартай ботиудад судсыг боох, уруулыг далбангаар нөхөн сэргээх болон шархыг далбангаар хаах тухай дурдсантай холбогддог.
З. Claudius Galen (~ 129-201 он) нь гавлын мэдрэл болон булчингийн нарийн анатомийг дурдсан бичвэрээрээ алдартай.
II. Дундад зууны үеийн пластик мэс засал
А. Oribasius (325-403 он) -ын бичсэн Synagogae Medicae нэртэй цуврал номууд нь хацар, хамар, чих, хөмсөгний нөхөн сэргээх ажилбаруудын тухай өгүүлдэг.
Б. Дундад зуунд Abu-l-Qasim буюу Albucasis (~ 936-1013 он) -ын бичсэн “Al Tasrif – Мэс заслын тухай” хэмээх анхны бие даасан мэс заслын тухай эмхэтгэл гарсан бөгөөд үүнд мэс заслын багаж хэрэгсэл, түлэлт болон шахуурга бүхий тариурын анхны тодорхойлолтууд багтсан байдаг.
В. Дундад зуун нь барууны их сургуулиудын үүсэл тавигдсан бөгөөд сургуулиуд анатомийн хичээл, цогцсын задлан болон анатомичдыг мэс засалч болгон бэлтгэхэд чиглэж байв.
- Хэвлэлийн машин (1440 он) -ы үүсэл нь анагаахын сурах бичгүүдийг тараах, шинэ санаа ололтуудаа солилцох боломжийг олгосон.
III. Сэргэн мандалтын үеийн пластик мэс засал
А. Andreas Vesalius өөрийн анатомийн эмхэтгэл болох De Humani Corporis Fabrica-г 1543 онд нийтэлсэн.
Б. Францын мэс засалч Ambrose Pare (1510-1590) өөрийн бүтээлүүдийг Les Oeuvers-д номоороо эмхэтгэж, үүндээ уруул болон тагнайн сэтэрхий засах тухай дурдсан ба “шархыг цэвэрлэх” зорилгоор халуунаар түлэх, буцалсан тосыг шарханд хийдэг байсан практикийг эсэргүүцсэн.
В. Gaspare Tagliacozzi (1544-1599) нь пластик мэс заслын тусгай салбарын үүсгэн байгуулагч гэдгийг салбарынхан нилээн өргөн хүрээтэй зөвшөөрдөг.
- Түүнийг хамрын нөхөн сэргээх мэс заслын аргуудыг системчилсэн гэж үздэг.
- Түүний De Curtorum Chirurgia per Insitionem (Гэмтсэн хэсгийг графтаар засах мэс засал) ном нь 1597 онд хэвлэгдсэн ба үүндээ хамрыг нөхөн сэргээх мэс заслыг нарийн зааварчилгаа болон зургийг оруулсан байдаг. (Зураг 2)
Г. Эдгээр түүхэн амжилтуудаас хойш 19-р зуун хүртэл шинэ дэвшил, ололтууд ховор байв.
IV. Пластик мэс заслын алтан үе
А. Английн мэс засалч Joseph Carpue 1794 онд редакторт духны далбанны тухай анх удаа тодорхойлсон захидал бичиж байжээ. Түүний энэ ажилбарыг 1814 онд амжилттай хэрэгжүүлсэн нь пластик мэс заслын дахин сэргэлтийн эхлэлийг тавьсан гэж үздэг.
- Европ даяар олон мэс засалчид хамар засах, нүүрийг нөхөн сэргээх, уруул болон тагнайн сэтэрхийг засах арга техникийг харьцуулан судалж, сайжруулсан бөгөөд гол мэс засалчид нь Герман дахь Carl von Grafe (1787-1840), Johann Dieffenbach (1794-1847) болон Франц Jacque Delpech (1777-1832) нар байлаа.
Б. 1846 онд мэдээ алдуулах арга мэс заслын практикт нэвтэрсэн нь бүх мэс заслын салбаруудад шинэ боломжуудыг нээж, пластик мэс заслын алтан үеийг цэцэглүүлсэн юм.
В. Пластик мэс заслын алтан үеийн гол амжилтууд:
- Италийн Giuseppe Baronio (1758-1811) 1804 онд аутолог арьсны графтыг ашиглах тухай анх удаа тодорхойлсон.
- Францад Roux болон Von Grafe нарын 1819 болон 1820 онуудад тагнайн цоорхойг хаах анхны оролдлогуудыг тус тусдаа хийсэн.
- Pietro Sabattini 1838 онд “уруул эргүүлэх” (анг. “lip switch” technique) аргаар уруулыг нөхөн сэргээх тухай тодорхойлсон. (Зураг 3)
- Bernhard Von Langenbeck (1810-1887) 1862 онд тагнайн цоорхойг хаахад хоёр mucoperichondrial далбанг ашиглах аргыг тодорхойлсон.
V. Орчин үеийн пластик мэс заслын гол төлөөлөгчид ба амжилтууд
А. Дэлхийн нэгдүгээр дайн нь олон хүмүүсийг гэмтээж зэрэмдэглэж, нөхөн сэргээх мэс засалд хэцүү сорилтуудыг бий болгосон нь орчин үеийн пластик мэс засалчдыг биеийг нөхөн сэргээх мэргэжилтнүүд болгон хөгжихөд хүргэсэн байдаг.
- Hippolyte Morestin (1868-1919) болон Charles Valadier (1873-1931) нар нь нүүрний нөхөн сэргээх мэс заслыг хамтран хийсэн анхдагчид юм.
- Sir Harold Gilles (1882-1960) – Орчин үеийн пластик мэс заслын эцэг гэгддэг тэрээр Европт нүүрний гэмтэлтэй өвчтөнүүдэд зориулсан анхны лавлагаа төвийг байгуулсан.
- Нүүрний гэмтлийг нөхөн сэргээх далбангуудыг системтэйгээр хөгжүүлж, ашигласан.
- Гуурсан далбан (анг. tubed flap), арьсны далбангууд болон яс, мөгөөрс, арьсны графтийг ашигласан.
- 1920 онд “Нүүрний пластик мэс засал” хэмээх түүхэн сурах бичгийг хэвлүүлсэн.
- Edward Ely 1881 онд гадны чихний хэлбэр засах аргыг тодорхойлсноороо Гоо сайхны Пластик мэс заслыг тусдаа салбар болон хөгжих эхлэлийг тавьжээ.
- John Roe (1848-1915), Robert Weir (1838-1927), Jacques Joseph (1865-1934) нар нь ринопласти буюу хамрын мэс заслын анхдагчид юм.
- 1916-1918 оны хооронд Johannes Esser (1877-1946) өнөөдөр өргөн хэрэглэгдэж буй хацрын эргүүлэх далбан, хоёр дэлбэнт далбан, арал хэлбэрийн далбан болон “артериал” бүхий далбан зэрэг хэсэг газрын далбангуудын талаар анх дурдсан.
- Дэлхийн нэгдүгээр дайны дараа сургалтын хөтөлбөрүүд Европ, Хойд Америкт хөгжсөн.
- “Plastic and Reconstructive Surgery” сэтгүүлийг 1946 онд анх хэвлэгдсэн.
Б. 1960-аад оноос хойш хийгдсэн шинэ нээлтүүд нь нөхөн сэргээх пластик мэс заслын салбарт шинэ боломжуудыг авчирсан.
- Paul Tessier (1917-2008) – Орчин үеийн гавал – нүүрний мэс заслын эцэг гэгддэг. Тэрээр гавлын хэцүү гажигийг засахад гавлын гадна болон доторх хүрцүүдийг хослуулсан аргыг боловсруулсан.
- Микро мэс заслын техникүүдийн үүсэл болон анатоми судлалын шинэчлэл нь чөлөөт эд шилжүүлэн суулгалтыг хөгжүүлсэн.
- Taylor ба Palmer нарын 1987 онд гаргасан ангиосомын ойлголт нь перфоратор далбангуудын хөгжлийг авчирсан.
Дараагийн нийтлэлээрээ далбангийн хөгжлийн түүхийн тухай дэлгэрэнгүй хүргэх болно.
Эх сурвалж:
- Tagliacozzi G. De curtorum Chirurgia per insitionem. Venice: Bindoni; 1597:43.
- BL. Letter to the editor. Gentleman’s Magazine 1794;64 891–892
- Langenbeck B. Die Uranoplastik mittelst Ablösung des mucös-periostalen Gaumenüberzuges. Arch kl Chir 1862;2:205–287.
- Ollier L. Greffes Cutanées ou Autoplastiques. Bull Acad Méd. 1872;1:243–250.
- Breasted J. The Edwin Smith Surgical papyrus. Published in facsimile and hieroglyphic transliteration with translation and commentary. Chicago: University of Chicago Press; 1930.
- Tessier P, Guiot G, Derome P. Orbital hypertelorism. II. Definite treatment of orbital hypertelorism (OR.H.) by craniofacial or by extracranial osteotomies. Scand J Plast Reconstr Surg. 1973;7:39–58.
- Tessier P. Experiences in the treatment of orbital hypertelorism. Plast Reconstr Surg. 1974;53:1–18.
- McDowell F. The Source Book of Plastic Surgery. Baltimore: Williams & Wilkins;1977.
- McDowell F. History of Rhinoplasty. Aesth Plast Surg.1978;1:321–348.
- Klasen H. History of free Skin Grafting. Berlin: Springer;1981.
- Rajendra Sawh-Martinez MD, MHS, and Ash Patel, MBChB, FACS Essentials for Students. ;2018