Толгой хүзүү орчмын нөхөн сэргээх мэс засал эмчилгээ.

Толгой хүзүү орчмын нөхөн сэргээх мэс заслыг хортой болон хоргүй хавдрын мэс засал эмчилгээний үед хавдартай эрхтэн тайрсны дараа тухайн эрхтэнг нөхөн сэргээх зорилгоор хийдэг. Манай улсад толгой хүзүү орчмын хортой хавдрын өвчлөл нь зонхилон тохиолдох нийт хортой хавдруудын дунд 6-р байранд орж байна. Тухайлбал хэл, амны хөндийн салстын хавдрууд, нүүрний арьсны хавдар, хоншоор ясны хавдар, төвөнхийн хавдар гэх мэт. Дээрх эрхтнүүдэд тохиолдох хавдрыг тайрч тухайн эрхтний бүтэц үйл ажиллагааг хадгалах нь нөхөн сэргээх мэс заслын зорилго юм.
Эмчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахад тухайн хавдрын мэс заслын онцлогоос хамаарч нөхөн сэргээх мэс заслын олон төрлийн аргуудыг хэрэглэнэ. Жишээ нь арьс, салстын согогыг тухайн согог орчмын арьсаар нөхөх, хүзүү цээжний булчингаар орлуулах гэх мэт. Энэ аргыг орчны эдээр нөхөн сэргээх (local flap, regional flap) гэж нэрлэдэг ба өндөр хүчин чадал бүхий багаж хэрэгсэл төдийлөн шаарддаггүй.
Зарим тохиолдолд арьс салст, эрүүний яс, нүүр хөдөлгөгч булчин зэргийг хамарсан тайралт хийвэл нөхөн сэргээх арга илүү нарийн төвөгтэй болдог ба их биеийн эсвэл мөчдийн арьс, булчин, яс, мэдрэл зэргийг нэгэн зэрэг шижлүүлэн суулгаж, шаардлагатай судас мэдрэлийг өндөр хүчин чадал бүхий бичил харуур ашиглан залгах мэс заслыг хийдэг. Энэ төрлийн хагалгааг өөрөөс нь өөрт нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, бичил судас залган нөхөн сэргээх мэс засал буюу auto transplant, micro vascular free tissue transfer гэх мэт нэршлээр нэрлэдэг.
Толгой хүзүүний байрлалтай согогыг бичил судас залган нөхөн сэргээх мэс заслын үед ихэвчлэн дараах анатомын хэсгийг ашиглаж байна.

  • Гуяны гадна хэсгийн арьс хальс булчин мэдрэл
  • Шууны дотор хэсгийн арьс хальс
  • Шилбэний тахилзуур яс болон арьс хальс (жижиг яс)
  • Хэвлийн өмнөд доод хэсгийн арьс хальс өөхөн эд
  • Нурууны том булчингийн арьс булчин, далны яс
  • Гуяны дотор хэсгийн булчин, мэдрэл, арьс хальс

Толгой хүзүүний нөхөн сэргээх мэс засал эмчилгээг мөн гэмтлийн дараах согог, төрөлхийн гаж хөгжлийн үед ч хийх боломжтой ба нарийн мэргэжлийн мэс заслын эмчийн үзлэгээр шийдвэрлэнэ. Энэ төрлийн мэс засал эмчилгээ нь ихэвчлэн ерөнхий унтуулгатай хийгддэг ба унтуулга эрчимт эмчилгээ, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээний цогц тусламж үйлчилгээг багцлан хүргэдэг.

Мэс засал эмчилгээний дараа цус алдах, шарх халдварлагдаж идээт үрэвслээр хүндрэх, хагалгааны дараа өвдөлттэй байх, шижлүүлэн суулгасан эрхтэн ховхорч унах, эм тарианаас харшлах гэх мэт ноцтой хүндрэлүүд гарч болзошгүй байдаг.

Энэ төрлийн мэс засал эмчилгээ хийлгэхээр төлөвлөсөн бол мэс заслын дараа гарч болзошгүй эрсдэл хүндрэлийн талаар илүү ихийг эмчлэгч эмчээсээ асуухыг зөвлөж байна. Хэрэв та тамхи татдаг бол тамхинаас эртхэн татгалзахыг мөн зөвлөж байна.

Related posts

Leave the first comment